Scroll to top
Scroll to top
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г таниулах, суралцагчдад үндэсний өв соёл, түүхээ тээн хөгжүүлэх, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хөгжлийн үйл явцад оролцох боломжийг олгох, одоо ирээдүйг харьцуулан, хотоо хөгжүүлснээр гарах эерэг үр нөлөөг бусдад ойлгогдохоор энгийн ойлгомжтой, суралцагчдын хүсэл, мөрөөдөл, сэтгэлгээгээр илэрхийлж, хотын соёлыг уриалан төлөвшүүлэх зорилгоор НИТХ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгчдийн санал санаачилгаар НДЗТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчдын дунд “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” хүүхдийн бүтээлийн уралдааныг зохион байгуулсан.
Уралдааныг гар зураг, бүтээл гэсэн 2 төрлөөр бага, дунд, ахлах 3 насны ангиллаар 3 үе шаттайгаар зохион байгуулсан ба тус уралдаанд нийслэлийн 5 дүүргийн 32 сургуулийн 113 суралцагч өөрсдийн гар зураг, бүтээлээ ирүүлсэн.
Уралдааны III шат буюу нийслэлийн шатны шалгаруулалтыг мэргэжлийн багш нараас бүрдсэн шүүгчдийг баг хийж, нэгдсэн дүнг гаргасан бөгөөд III шатанд гар зургийн төрөлд 77, бүтээлийн төрөлд 8 бүтээл тэнцэж, шүүгчдийн дүнгээр;
• Гар зургийн уралдаанд насны ангилал тус бүрээр 1 дүгээр байрт 1, 2 дугаар байрт 2, 3 дугаар байрт 3 суралцагч, нийт 18 суралцагч
• Бүтээлийн уралдаанд 1 дүгээр байрт 1, 2 дугаар байрт 3, 3 дугаар байрт 4 суралцагч, нийт 8 суралцагч тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Тус уралдаанд шавь нараа идэвхжүүлэн амжилттай бэлтгэж, уран бүтээлд нь мэргэжлийн болон ур чадварын дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалсан 6 багш, уралдааны ач холбогдлыг ойлгож, өөрийн сургалтын байгууллага, суралцагчдынхаа дунд амжилттай зохион байгуулж, идэвхтэй ажилласан 2 сургалтын менежер, 1 сургуульд идэвх санаачилгыг үнэлж, мөнгөн дүнгээр урамшууллаа.
Энэхүү уралдааны үр дүнд сургууль, багш, суралцагчид маань ирээдүйн нийслэл хотоо өөрсдийн мөрөөдлөөр бүтээж, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г олон нийтэд сурталчлан таниулж байна. Уралдааны нэгдсэн дүнгээр гар зургийн болон бүтээлийн уралдааны шагналт байрт 5 дүүргийн 21 сургуулийн 18 суралцагч шалгарсан байна. “Миний мөрөөдлийн хот-2040” хүүхдийн бүтээлийн уралдаанд суралцагчдаа идэвхтэй оролцуулсан багш, удирдах ажилтнуудад талархал илэрхийлье!