Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ХҮҮХДИЙН ХӨГЖИМДӨХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ БАГШ НАРЫН АРГАЗҮЙ ТЕХНОЛОГИОС СУРАЛЦЛАА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн хөгжмийн багш нарын “Дугуйлангаар суралцагчдын хөгжимдөх чадварыг хөгжүүлэх нь” туршлагыг 6 дүүргийн хөгжмийн 51 багш судалж, арга зүй технологитой нь танилцлаа.

Хүүхдийн хөгжимдөх чадварыг хөгжүүлэх нь тэдний оюун ухаан, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа, бүтээлч сэтгэлгээнд эерэг нөлөөтэй. Багшлахуйн болон суралцахуйн хамтын ажиллагааны үр дүнд жилээс жилд хөгжим сурах эрмэлзэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж, цаашлаад мэргэжлийн чиг баримжаа олгох суурийг тавьж өгдөг учраас дугуйлан хичээллүүлэх нь ач холбогдолтой.

Суралцахуйд суурилсан сургалтын олноороо хичээллэхийн давуу тал нь өөрийгөө болон бусдыг сонсож, хүндлэх, бусадтай зөв харилцах, хамтарч ажиллах зэрэг олон чадварыг урлагийн боловсрол олгодог. М.Туулсайхан захиралтай тус сургууль нь хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг дэмжин авьяас билгийг хөгжүүлж гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Хобби хөгжлийн хөтөлбөр”-ийг багш бүр хэрэгжүүлэн ажиллаж, үр дүнд хүрч буй туршлагаа түгээн дэлгэрүүлсэн бодитой ажил боллоо.

Үндэсний хөгжмийн ятга, ёочин, шанз мөн гитар, үкүлэлэ, чулуун царгил, найрал дуу, бүжгийн дугуйланд нийт 468 суралцагч хамрагдан хичээллэдэг бол энэ удаагийн тоглолтод бага, дунд, ахлах ангийн насны ангиллаар нийт 320 суралцагч оролцож, анхан болон дунд шатны хөгжимдөх ур чадвартай, өөрсдийн дуртай дуу, зохиолыг сурч эзэмшин бие даах, бусадтай хамтарч тоглох чадвартай болсноо толилууллаа.

Зөвхөн суралцагч төдийгүй багш, ажилтныг хөгжүүлэх орчин, хэрэглэгдэхүүнийг шаардлагад нийцсэн хүртээмжтэйгээр бүрдүүлсэн нь “бүтээгч хамт олон” байхын үндэс болсонд талархууштай.