Scroll to top

Мэдээ, мэдээлэл

МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 10,000 ХҮҮХЭД ХАМРАГДАЖ БАЙНА.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 10,000 ХҮҮХЭД ХАМРАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгасан.

Энэхүү бодлогын хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санаачилга, дэмжлэгтэйгээр Нийслэлийн боловсролын газар, Байгалийн түүхийн музей хамтран “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааг Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ гүйцэтгэн зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн зорилго нь мазаалай баавгайг төлөөлөл болгон Монгол орны биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухаанч мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 10,000 гаруй сурагч тус хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд 2 дугаар ангиас 12 дугаар анги хүртэлх хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн музейн хөтөч ном, багшийн гарын авлага, үзүүлэн үзмэрүүдийг ашиглан сургалт явагдаж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд:

• Сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухаанч мэдлэгтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгоно.

• Экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшинө.

• Хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлана.

• Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжнө.

• Экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна.

Хөтөлбөрийн сургалт нь

• музейн өмнөх

• музей дээр

• музейн дараах гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү арга зүйг цаашид улсын хэмжээнд сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.