Scroll to top
Scroll to top
Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг боловсронгуй болгох, тулгамдаж буй асуудал ба шийдлийг эрэлхийлэх, нийгмийн ажилтнуудын судалгаа шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх, сайн туршлага, шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагдаж буй “СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ” эрдэм шинжилгээний хурал Үндэсний төв номын санд зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хурлын хүндэт зочдоор Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Ариунзаяа нар болон нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуулийн нийгмийн ажилтнууд оролцлоо.
“Сургуулийн нийгмийн ажил, үйлчилгээ” эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, Монгол улсын Боловсролын их сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн багш, доктор О.Жаргалсайхан, Монголын бүх нийтийн боловсролын эрдмийн элч холбооны тэргүүн, Боловсролын удирдахуйн ухааны доктор, дэд профессор Л.Сосорбарам нар ажиллаж
I шатанд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын 28 илтгэлээс II шатанд 14 илтгэл шалгаруулж тус өдөр шилдэгүүдийг шалгарууллаа.
ТЭРГҮҮН БАЙР - “Хүүхдийн оролцоог хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг даван туулах арга замууд” Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнаран
ДЭД БАЙР - “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Бадамдорж
ГУТГААР БАЙР - “Сургуулийн нийгмийн ажилтны кейс менежментийн үйлчилгээг судалсан нь” Сүхбаатар дүүргийн Сэлбэ олон улсын сургуулийн нийгмийн ажилтан Б.Цэрэнбямба
ТУСГАЙ БАЙР - “Сургуулийн орчинд сурагчдын нийгэмшихүйн хөгжлийг дэмжих системчилсэн арга зүй” Баянгол дүүргийн Жаргалан олон улсын сургуулийн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх нийгмийн ажилтан Ш.Насанбурмаа
ТУСГАЙ БАЙР - Ахлах, дунд ангийн таслалтын шалтгаан нөхцлийн шинжилгээ (PISA үнэлгээний ST267, ST265 шалгууртай харьцуулсан үр дүн) Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Хашчулуу
ТУСГАЙ БАЙР - “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрээр зочлох хэрэгцээ шаардлага ба үр дүн” Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Сосорбурам нар тус тус шалгарлаа.
Судлаач нийгмийн ажилтнуудын эрдэм мэдлэг, судалгааны нөр их хөдөлмөртэй хамтдаа танилцаж, харилцан суралцаж, хэлэлцсэн илтгэл бүрээс шинэ санаа, шийдэл, боломжийн үүд хаалгыг нээж чадсан онцлог үр дүнтэй өдөр байлаа. Хурлыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан нийт илтгэгч нартаа болон Сүхбаатар дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнууддаа мөн дэмжлэг үзүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олон болон зохион байгуулалтыг хийж ажилласан Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууддаа талархал илэрхийлье.