Scroll to top

News

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХЯНАЛТЫН КАМЕР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖ

Энэхүү зөвлөмж нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын камер, тоног төхөөрөмж ашиглалтад дэмжлэг үзүүлэх, аливаа төрлийн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж байгууллагын эерэг соёлыг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Хяналтын камер ашиглалтыг сайжруулахад хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хүүхэд хамгааллын баг дараах арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийн 7.11.3 дахь заалтад тусгагдсанаар цэцэрлэгийн нийт багш, ажилтнууд хүүхэд хамгааллын сургалтад заавал хамрагдах;

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, ажилтантай холбоотой, гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн тохиолдолд зөрчлийг арилгах, зөрчил дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилт, үр дүнг сар бүр мэдээлэх;

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчны камержуулалт, хүчин чадал, камерын бичлэгийг хянах процессыг хууль, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн, нээлттэй, уян хатан байдлаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд танилцуулах;

Хүүхдийн цэцэрлэгийн хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн эерэг хандлагыг урамшуулах;

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад дотоод орчны камержуулалтыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

Камер ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг байгууллагын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын бусад зардал болон орон нутгийн төсвөөс гаргаж, зарцуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнах;

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд камер хянах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой үйл ажиллагааны хариуцагчийг нэгжийн дотоод хяналтын баг, хүүхэд хамгааллын багийн гишүүдээс хамт олны хурлаар сонгон томилох;

Камер хянах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой үйл ажиллагааны хариуцан томилогдсон ажилтан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

Гадна болон дотор талд хяналт тавих зорилгоор орчны нөхцөл байдалд тохируулан байршуулсан хяналтын камерын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах;

Хяналтын камерын бичлэг хийх, төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа болон төхөөрөмжийн цаг хэвийн зөв ажиллаж байгаад тогтмол хяналт тавьж шалгах;

Өмнө нь тавигдсан болон шинээр тавьж буй хяналтын камер, дүрс бичлэгийн тоног төхөөрөмж техникийн тодорхойлолтыг нийлүүлэгчээс авч, түүнд заасан шаардлагатай засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх;

Гэмтэл, саатал, эвдрэл гарсан тохиолдолд байгууллагын удирдлагад шуурхай мэдэгдэж гэмтэл, саатлыг арилгах арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах;

Гэмтэл, саатал, эвдрэлийг богино хугацаанд засварлах боломжгүй, нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд цаг тухай бүрд тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, хүүхэд хамгааллын баг, дотоод хяналтын багийн гишүүдэд танилцуулах бөгөөд хяналтын камер хэвийн ажиллагаанд шилжсэний дараа дахин тэмдэглэл үйлдэн баталгаажуулах;

Хяналтын камерын бичлэг нь тодорхой хэмжээгээр байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээлэлд хамаарах бөгөөд гаргасан гомдол, санал, хүсэлтийн дагуу гарсан гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой үйлдэл, мэдээллийг хүүхэд хамгааллын багаараа хэлэлцэж, нэгж байгууллагын удирдлагын зөвшөөрөл, шийдвэрээр дүрс бичлэгийг хуулбарлах, шалгах ажлыг эхлүүлэх, шаардлагатай тохиолдолд бусад харьяа холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд гарсан зөрчлийн мэдээлэлд үндэслэн камерын бичлэгийг хэсэгчлэн үзэх албан ёсоор хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтны зүгээс удирдлагын зөвшөөрөлд үндэслэн хяналтын камерын тодорхой хэсгийг үзэх боломжоор хангах;

Хяналтын камерын үйл ажиллагааг хариуцаж буй албан хаагч нь хувь хүний нууцыг хадгалж төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах;

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд хяналтын камер ашиглахдаа дараах хууль эрх зүйн акт тушаал шийдвэрийн хүрээнд зохион байгуулна. Үүнд:

 Хүүхэд хамгааллын тухай хууль;

 Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;

 Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт;

 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1.5 дахь заалт;

 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.8 дахь заалт;

 ЦЕГ-ын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам”;

 Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/34 дүгээр тушаалаар баталсан “Кино, дуу дүрсний баримтын хадгалалт, хамгаалалтын заавар”;