Scroll to top
Scroll to top
ЗӨВЛӨМЖ
Эрдмийн баярын үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотойгоор гэмт хэрэг болон хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж дараах чиглэлийг баримталж ажиллахыг зөвлөж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт:
Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 /Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг багшаар гүйцэтгүүлэхийг хориглоно./-т заасныг баримтлан сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулж, багш нарыг хичээл, сургалтын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд хамруулан ажлын бус цагаар ажиллуулах зэрэг нэмэлт ачаалал үүсгэхгүй байх;
Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нараа сонсдог сайн жишиг тогтооход анхаарал хандуулах;
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөх;
Сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш нартаа өөрийн сурсан мэдсэнээ тайлагнах арга хэмжээ болгон шинэлэг байдлаар зохион байгуулахад анхаарах;
Төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, сургуулийн ой тэмдэглэх зэрэг зорилгоор суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахгүй байх;
Ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн заадаг хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөхийг хориглох;
Сурагчдын зөвлөл, эцэг эхийн зөвлөлийн санаачилга нэрээр эцэг эх, асран хамгаалагчдаас хандив, мөнгө авах, багшид бэлэг өгөх зэрэг ёс зүйн зөрчил үүсгэхгүй байх;
Зуслан, жуулчны бааз, зочид буудал, амралт, цэнгээний газруудаар анги, хамт олны зугаалга зохион байгуулахгүй байх, хүүхдийг мансууруулах бодис, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх;
Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг байр эзлүүлэн эрэмбэлж медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзах.
Багш, ажилтнуудад:
Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулдаг байх;
Сурлагын хоцрогдлыг нөхөх арилгахад нэмэлт давтлага, хэт ачаалалтай даалгавар өгөхөөс илүүтэй ээлжит хичээлийн бэлтгэл чанарыг сайжруулж агуулгыг интеграцчилах оролцоонд суурилсан идэвхтэй сургалтын арга зүйг хэрэгжүүлэх;
Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгдөг байх;
Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаварлах зэрэг ялгаатай байдал үүсгэхгүй байх;
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага хүмүүжил, хичээл сургалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажилладаг байх.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт:
Сургууль болон багштай тогтмол холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулан, анхаарал хандуулдаг байх;
Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцдаг байх;
Хүүхдээ үр дүнтэй хичээллэхэд нь туслах, хичээл давтах таатай орчин бүрдүүлэх;
Хүүхдийнхээ чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч урамшуулдаг байх;
Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа хэрэглэхгүй өөрийн зөв үйлдлээр үлгэрлэх.