Scroll to top

News

ТУГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН СУРАГЧИЙН ИЛТГЭЛ

ТУГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН СУРАГЧИЙН ИЛТГЭЛ

Сайн байцгаана уу?

Энэхүү танхимд хуран цугласан эрхэм зочдын энэ өдрийн амгаланг айлтгая.

Намайг Сүх овогтой Нямжаргал гэдэг. Спортын төв сургуулийн төгсөх ангийн сурагч, “Лидер сурагч” академийн тэргүүн.

Өнөөдөр би өөрийн бяцхан үзэл бодлыг та бүхэнд илэрхийлэхээр энэхүү индэр дээр зогсож байна.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүрийд яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтам уу, би

Таны бодлоор “МОНГОЛ ХҮН” гэж хэн бэ?

Миний бодлоор эх орноороо бахархдаг, өвөг дээдсээ хүндэлдэг, ирээдүй хойчоо хайрлаж, ёс уламжлалаа дээдэлдэг хүнийг хэлнэ гэж би боддог. Агуу сайхан монгол орноо дээдлэхгүй байхын аргагүй билээ, бид

Өвөг дээдэс маань бидэнд хөлс, цусаа урсган байж авч үлдсэн газар нутаг, өргөн уудам тал, талаар дүүрэн мал, нүүж суухад хялбар гэр, үндэсний дээл, өвгөдөөс ирсэн сургаал, уртын дуу, ухаарлын шүлэг, түргэн хэллэг, аман зохиол, хэлц үг, уламжлалт хөгжим, босоо монгол бичиг гээд дурдаад байвал дуусашгүй их биет болон биет бус өвийг бидэнд үлдээсэн билээ.

Монгол хүн нэг бүрийн нэрийн хуудас болсон туганд маань Монгол гэх тодотголтой бүхэн багтсан билээ.

Би, тусгаар тогтносон монгол улсын иргэн гэдгээрээ бахархдаг.

Туг маань монголын ард түмний уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн минь илэрхийлэл юм.

Төрийн далбаан дээр дүрсэлсэн “Соёмбо тэмдэг” нь анхдугаар Богд Занабазарын 1686 онд бүтээсэн 90 гаруй соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол улс эгнэгт мандан бадарч, монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж, цэцгэлэн хөгжих гүн утгыг агуулсан билээ.

Монгол гэдэг нэрийг бадрааж, монголын далбааг дэлхийд өргөх чадал хүн бүрт бий.

Өнөөдөр бид улсынхаа тугийг мандуулж, монголоороо омогшиж, монголоороо бахархах цаг мөч билээ. Гайхалтай түүх, гайхалтай соёл, гайхалтай билиг оюунтай хүмүүс, бид монголоороо бахархахгүй бол өөр юугаар бахархах билээ.

Анхаарал хандуулсанд баярлалаа