Scroll to top

News

“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Мөнхсоёл, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, эмч, сэтгэл зүйч, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Оролцогчид хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдэж, 13-17 насны 4 сурагч тутмын 1 нь хэрэглэж байгаа нь уламжлалт тамхины хэрэглээнээс давж байгаа нь зөвхөн уламжлалт тамхи бус, шинэ төрлийн тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнийг зохицуулах цогц бодлогын хэрэгцээ байгааг онцлоод хорт зуршлаас сэргийлэх, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт болоод цаашид хэрхэн сайжруулах, шинэ зохицуулалтуудыг тусгах талаар санал солилцлоо.